Thursday 2 October 2008

Abstract art

Abstract art буюу хийсвэр зургийн тухай бага зэрэг бичээд үзье гэж аль эртнээс бодоод явсан юм. Буруу зөрүү ойлгож явсан бол засаад хэлээд өгөх хүн гараад л ирнэ гэж бодсоных блог дээрээ оруулж байгаа нь энэ.

Дээхнэ дээ, Бүтээл төрөх агшин гээд нэвтрүүлгээр нэг хүн иймэрхүү abstract төрлийн зураг зурсан чинь утсаар холбогдсон хүмүүс ихэнх нь л: -энэ чинь одоо юу юм бэ, юуун утгагүй зураг вэ гэх нь холгүй байсныг санаж байна.

Бас хэзээ ч билээ, түүний дараахан юмдаг, ажлынхантайгаа өдөр хоолны ширээний ард зургийн тухай яриа өрнүүлж байтал нэр бүхий нэг хүн хийсвэр зураг ёстой утгагүй, би л лав ойлгохгүй юм байна лээ, надад зүгээр энгийн ойлгомжтой бодитой зураг л гоё санагддаг гэж ирээд ярьсаныг мөн санаж байна.

Бас англи билүү франц яваад ирсэн нэг зураачийн ярилцлагыг сонин дээрээс харж байснаа санаж байна. Манайхан хэтэрхий их байгаль амьтан, түүх соёлын тухай баригдмал хүрээнд зурж байна, гэтэл хорвоо ертөнц дээр зурж болдоггүй зүйл гэж нэг ч үгүй гэж бичсэн байсныг санаж байна:

Гэх мэт явдлуудаас үзэхэд манайхан нилэнхүйдээ зураг урлагын талаар дулимагхан бодолтой явдаг нь илт. Би ч мөн ялгаагүй, хийсвэр зургийг би ч зурсан чадна, бийр аваад аль, нялаад өгье гэх ухааны юм ярьж явсан удаатай.

Хийсвэр зургийн тухай эхний бодол: Би хар багаасаа л зураг сараачих хоббитой явсан хүн юм. Нэх шальтай зурж чадахгүй ч сайхан зургийн хажуугаар зүгээр өнгөрнө гэж үгүй нөхөр л дөө.

Нэг удаа уран зургийн үзэсгэлэн үзэж яваад хийсвэр зургуудтай анх нүүр тулж байснаа санаж байна. Тэгээд хүмүүс яагаад ийм зураг зурдаг юм болоо гэж гайхаж байв. Бодож бодож сүүлдээ зураач хүн сэтгэгдэлээ ийнхүү будгаар илэрхийлэхийг оролдоод нялаад нялаад хаячихдаг юм байна. Тэрийг нь хүмүүс ойлгож авах гээд л ингэж удаан ажиглаад зогсдог бололтой юм гэж дүгнэсэн. Тэгээд өөрөө зураачийг ойлгохоор шийдээд нэг зургийг их удаан харж билээ. Хэ хэ. Бага зэрэг муйхардуу ойлгосон байж мэдэх хэдий ч үнэхээр иймэрхүү зургийг ажиглаж байгаад зураачийг нь оношлох их гоё шүү. Жишээ болгоод дараах зургийг харцгаая, яагаад энэ зургийг White гэж нэрлэсэн юм бол гэсэн асуултаас эхлээд зураачийн хэлэх гэсэн санааг оношлох гээд үзье.

Зургийн тусагдахуунуудыг ажиглавал ерөнхийдөө л бараандуу, ө.х цагаан гээд байгаа нэрийг тодотгохын тулд энэ элдэв хачин зүйлсийг зайлуулчмаар байгаа биз дээ? Юу юу байгааг нь ажиглавал энэ ерөнхийдөө хүний амьдралд хамаатай баахан зүйл л байх шиг байна. Жишээ нь Рубик шоо байна. Үүгээр магадгүй ээдрээтэй явдалуудыг төлөөлүүлсэн байх, бас том жижиг гутлын тах шиг зүйлс байна – үүгээр ирээд л алга болдог бусад хүмүүсийн сэтгэлд үлдээдэг ул мөрийг илэрхийлэх гэсэн байх, хайс хашаа шиг юм байна – үүгээр давж болохгүй хязгааруудыг илэрхийсэн болов уу гэх мэт. За ер нь товчхондоо бол энэ хүн хоосон чанарыг илэрхийлэх гэсэн байж мэдэхээр бодогдоод байна. Тэхээр энэ зураач гэж ирээд л дүгнэж болохоор байгаа биз дээ. ;)

Хийсвэр зургийн тухай дараагийн бодол: Би оюутан байхдаа монгол хэлний ярианы синтезийг судлаад түүнд тохирсон томъёог олж эгшиг гийгүүлэгч хоорондийн шилжилтийн функцийг гаргах ажлаар диплом хамгаалсан юм. Бүүр алсын зорилго нь бол монгол текстийг шууд хүний яриа болгон хувиргах, эсрэгээр яриаг текст болгодог програм хангамж бүтээх үйлсэд хувь нэмэрээ оруулах гэсэн хэрэг л дээ. Тэгээд судалж байхад хүний сонсох эрхтэн хорвоо ертөнцийн түг түмэн анираас өчүүхэн хэмжээгээр л сонсдог юм байна гэж ойлгосон. Тийм болохоор л хүмүүс хөгжмийг утгагүй юм, юу ч илэрхийлэхгүй байна гэх зэргээр хийсвэр зурагт ханддаг шигээ биш арай гайгүй ханддаг байх нь гэж. Хөгжим ямар нэг яриа биш мөртлөө хүмүүс аялгууг нь сонсоод л байдаг даа. Харин нүд бол харьцангуй их мэдээллийг авч байдаг болохоор тархинд төрүүлэх хийсвэр мэдрэмжээс илүүтэй бодитой зүйлсийг хүлээж авамтгай юм болов уу гэж. Хэрэв нүд чих шиг цомхон мэдээлэл хүлээн авч харья гэсэн зүйлээ л хардагсан бол бид бүгдээрээ л HipHop зургийн ертөнцөд бужигнаж байх байсан болов уу. Хэ хэ. Харин та бүжгийн тухай бодож байгаа бол бүжиг бол хөгжимтэй нийлж байж амилдаг болохоор хүмүүс ямар нэг хэмжээгээр хийсвэрлэн ойлгохдоо гомдоллодоггүй байх гэж хариулмаар байна.

Хөгжмөөр маш хийсвэр мэдрэмж зөн совинг ч илэрхийлж болно. Үүний нэг сайхан жишээ бол Н.Жанцанноровын Хутагтын сахиус гэдэг ая юм. Хэдийгээр Зохиогч нь Догшин Ноён Хутагтын тухай хөгжим гэж хэлэхийг нь сонсоогүй ч гэсэн сонсох бүрий тэгж бодогдоод байдаг.

Зураг ч мөн ялгаагүй хийсвэр зүйлүүдийг илэрхийлж чадна. Уянгалуулан байж урнаар шүлэглэн хэлдэг зүйл гэж бий, ямарч үггүй хөгжмөөр ойлгуулдаг зүйлс ч гэж бий. Түүнтэй ижилээр Ширээн дээрх лаа, дарс, жимсийг зурна гэдэг нэг хэрэг. Уур хилэн, хайр дурлал, цаг хугацаа, зөн совинг зурна гэдэг өөр хэрэг.


No comments: