Thursday 2 October 2008

Дуулим Хорвоод Дуулах гэж төрсөн минь

Мартаж боломгүй бурхад

Бид сониуч бас мартамхай улс юм. Жил ирэх тусам л хэн нэгнийг, ямар нэг зүйлийг ор тас мартаж, гээж байдаг. Гэхдээ мартаж болохгүй хүмүүс, мартагдах учиргүй гавъяатай алдартангууд Монголын ард түмэнд байх ёстой. Түүний нэг нь уртын дуучин Намжилын Норовбанзад. Хүн төрөлхтөн үүсч бий болсон, өөр хоорондоо харилцаж дуу авиа гаргаж чаддаг болсон тэр үеэс үүсэлтэй хэмээн тайлбарладаг уртын дууг Монголынх гэдгийг дэлхийд таниулсан энэ эрхэм хүнээ сүүлийн үед залуус бид хэр олон дурсаж байгаа билээ дээ. Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын жvжигчин Н.Норовбанзад агсаныг “Уяхан замба тивийн нар”-ыг дуулахад нүдээ анин, амьсгаа даран чагнахад нэн ялангуяа дээд өнгө авч шуранхайлахын үес миний Монголын гүн цэнхэр тэнгэрийн дор хаяа хязгаар нь үл харагдах уудам талын сайхныг мэдрүүлдэг агуу увьдастай санагддаг.

Мунхагийн ухаан хойноо

Гэвч их дуучиныгаан бид дурсахын хажуугаар телевиз, радиогийн маань сувгаар түүний дууг нэвтрүүлж байхыг ховор харж байж билээ. Мунхагийн ухаан хойноо гэдгээр би ч үүнийг саяханаас л анзаарав. Ингээд хэрэг болгон амралтын хэд хоногтоо монголын хэдэн интернет телевиз радиогийн бүх сувгийг өглөөнөөс орой болтол эргүүлсэн ч олигтой зүйл олсонгүй. Жавхлан, Баясгалан, Бат-Эрдэнэ гэсхийгээд зохиолын дуучдын гоёж чимж бичүүлсэн хэдэн клипийг суваг бүр хуудас бүхэн ар араас нь цувуулаад л...Тэд голдуу л хэн нэгэн өмнө нь дуулж олны танил болгочихсон дууг “амилуулдаг”. Нэг бол ая аялгуу нь тэр бүр ялгагдахгүй ижил өнгөтэй дуугаа богино долгионы радио, телевизийн сувгаар залхтал цацаж, хүний чихэнд хүчээр “наалдуулдаг” менежменттэй. Залуу дуучдын хэнээс нь ч шинэ соргог зүйл гардаггүй гээд хэлчихвэл хатуудсан болохгүй байх. Телевизийн суваг бүрт шахуу хүмүүсийн захиалсан дууг явуулдаг хөгжмийн нэвтрүүлэг бий. “Хөгжимийн шуудан”, “Сэтгэлийн илгээмж” гээд өөр өөр нэртэй ч яг л ижилхэн. Сувгаа солиод ч нэмэргүй. Тэдгээр нэвтрүүлэгт ирж байгаа хүсэлтийг анзаараад нэг үзээрэй. Хамгийн сүүлд Монголын ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбооны 10 жилийн ойд зориулсан захиалгат нэвтрүүлгийг үзлээ. Тус холбооны “томчууд” баяр хүргэж хэдэн үг хэлээд нэг нэг дуу захиалж байгаа бололтой юм. УИХ-ын гишүүн байгаа болон байсан хатагтай нар зохиолын залуу дуучдын дуунаас сонсгохыг хүслээ. Харин нэвтрүүлгийн төгсгөлд Эрүүл мэндийн дэд сайд асан Н. Удвалын захиалгаар “Хан шувуу”-г гавьяат жүжигчин Найдалмаа, Б. Жавзандулам, А. Бүтэд нар дуулсан. Дууны хүч, хоолойн цараа гэгч тэднээс л мэдрэгдэж байлаа. Харин миний сонсохыг хүссэн уртын дуу, Норовбанзад агсан хоёроос сураг ч гарсангүй. Үнэн хэрэгтээ тэднээс хоолойн чадал, цараагаар алдарт Н. Норовбанзад, Ж. Дорждагва, Ц. Пүрэвдорж, Х. Уртнасан, П. Ганбат, Б. Жавзандуламын энд хүрэх нь хэд бол. Ингээд энэ сайхан хүний хэдэн зургийг алтан фондноос олсондоо урамшин миний зүгээс жаал тайлбар хийе гэж шийдсэн минь энэ бөлгөө. Урлагийн тэнгэр Янжинлхам бурхан минь ивээн тэтгэмүй!

Бусдын орон зайд гайхуулах бидний бахархал

Норовбанзад гэхээр л уртын дууны шуранхай хамтдаа сэтгэлд буудаг гэж түрүүн би хэлсэн. Тал шигээ уудам сэтгэлтэй өвөг дээдэс минь урлагийн сайхныг цогцлоож, түүнийгээ хүнд хүргэж чаддаг байсны тод жишээ нь уртын дуу. Харамсалтай нь бид үүнийхээ талаар тийм ч олон зүйл мэдэх бил үү. Японы судлаач Х.Харуоми “Уртын дуу бол Монголын хязгааргүй цэлийх өргөн тал нутгийг өөрийн эрхгүй санагдуулах ая эгшиг юм. Энэхүү өндөр дуурьсах хүчит хоолой бол бусдын орон зайд гайхуулах тэдний бахархал. Тэр бол байгалийнхаа дунд аж төрж буй хүн ардын үүрдийн ая эгшгийн цуурай” хэмээн уртын дууг минь магтсан байдаг. Харин бид бусдын орон зайд гайхуулах бахархлаа алдарт дуучинтайгаа хамт тэнгэрийн оронд илгээчихгүйн тулд судлах, цуглуулах, баяжуулах тал дээр ихийг хийх хэрэгтэй байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч уртын дууг түгээн дэлгэрүүлэхэд төр засаг анхаарал тавихаар болсон. Гэвч бодлого хариуцдаг яамнаас нь ямар нэг дорвитой санаачилга гараагүй л байна. Харин Уртын дууны нэртэй төрийн бус байгууллага, Утга соёлын өвийн үндэсний төв зэрэг тоотой хэдхэн газар л бэл бэнчингийнхээ хэрээр хэд гурван ажил зохиодог. Гэвч энэ нь төдийлөн олныг хамарч чаддаггүй. Санаагаар болдогсон бол судлаач, дуучдаа хөдөө гадаа явах зардлыг нь өгөөд ихэвчлэн хөгшидийн “бор авдарт” бүрэн эхээрээ буй уртын дуунуудаа цуглуулахсан. Тэгээд олоод ирснийг нь ноотолж ном болгоод хадгалчихвал үүнээс илүү хойч үеийнхэндээ хийх буян гэж байх уу? Үнэндээ манайхан жинхэнэ од дуучдаа түүний дайтай хүндэлж дээдэлж, элбэг дэлбэг амьдруулж чадсан бил үү? Намжилын Норовбанзад Дуулим Хорвоод Дуулах гэж төрсөн минь (1931-2003)

Сэрүүн сайхан Хангай

Сэрүүн сайхан хангайд
Тунгалаг ус урснаа минь уу зэ
Сэтгэлийн дундаас тодорхой
Миний нэгэн алдрай минь уу зэ

Магнай дундаа сартай
Хөөрхөн борлог морь минь уу зээ
Манийн төлөө зовнигч
Манхан буурал аав минь уу зээ

Алтай хангайн гургалдай
Арынхаа модонд жиргэнэ минь уу зээ
Ахан дүү та нартайгаан хамт
Тэнүүн сайхан жаргана минь уу зэ

Төрсөн газрын тэнгэр минь
Тэнүүн болоод уужим минь уу зээ
Тэр олон нөхөдтэйгээн
Тэнгэрийн жаргалангаар жаргая минь уу зээ

PS: Б. Эрдэнэболорын Монголын Шилдэгүүд хэмээх бичлэгт шилдүгүүдийн тоонд Норовбанзад гуайг Пеакфайндер маань нэр дэвшүүлсэний улмаас санаа аван энэ агуу хүний талаар заавал үг цухуйлгамаар санагдан үүнийгээн бичлээ. Бидний бахархал хэмээн энэ шинэ буландаа цаашид үеийн үеийн шилдэгүүдийн тухай оруулж байх болно.

No comments: