Thursday 2 October 2008

Далай Ламтай уулзсан сэтгэгдэл, тэмдэглэл

Дөрөв жилийн өмнө Далай Лам Англид айлчлахдаа энд ажиллаж, амьдардаг монголчуудтай уулзаад
-За би нэг улаан утас, тууз, үрэл мэтийг та нарт тарааж байна. Гэхдээ үнэндээ, энэ бол их чухал юм биш. Харин та нар миний хэлснийг жаахан ч гэсэн ойлговол илүү өгөөжтэй шүү. За та нар битгий л зодолдож, булаацалдаарай, аятайхан шиг дарааллаад аваарай! гээд хэлж дуусаагүй байхад манайхан шууд шуугиж, тараах гэж байсан Элчин сайдыг энд тэндээс нь “барьж идэх шахсан” гэдэг онигоотой ч юмшиг, эмгэнэлтэй ч юмшиг яриа байдаг.

Өчигдөр Далай Лам монголчууд бидэнтэй уулзлаа. Далай Лам маш зав зайгүй ч гэлээ, зав гаргаж сургаалаа айлдав. Далай Ламтай уулзаад би баяр хөөр, бас гутрал бухимдлыг мэдрэв. Өчигдөржингөө л сэтгэл тавгүйтлээ. Сэтгэл уужирч баясал эдэлсэн маань энэ их хүний барааг харж үгий нь сонссоных, уурлаж бухимдсан маань Далай Ламтай уулзаж байгаа монголчуудынхаа байр байдал, ерөнхий уур амьсгалаас болов. Нээрээ тэр гээд хэлэлтгүй хэний янаагүй бид нэг л бишээ, дарга цэрэг бүгд л адилхан.

Монголчуудыг Далай Лам өдрийн 4 цагийн алдад хүлээж авсан. Харин би үдийн 2 цагт очиж, “Бодит байдлын мөн чанарыг шинжлэх нь” гэсэн цуврал айлдварынх нь нэг хэсэгт суусан юм. Энэ өдрийн сургаал нь монголчуудад хямдралтай £6.60 байлаа. Үдийн 2 цагийн сургаал бол үнэхээр хүндэтгэл, бишрэлээр дүүрэн жинхэнэ л сүсэг бишрэл гэж ийм байдаг болов уу гэмээр сэтгэгдэл төрүүлэв. Танхим дүүрэн хүн Далай Ламыг бөхөлзсөөр, аажуухан, бараг төвөг болсонд уучлаарай гэсэн мэт намуухан орж ирэхэд нэг зэрэг босож суудалдаа залартал нь бөхийн нам жим байв. Энэ үед ямар их хүндэтгэл, бишрэл, хүнийг дээдлэх мэдрэмж мэдрэгдсэн гээч. Далай Лам шашны гүн ухааны, бас бусад асуудлуудад хариу өгөхдөө; туйлын төвшинд бол би гэж үгүй. Харин өдөр тутмын нийгмийн харилцаа, хүний амьдралын ердийн төвшинд би байх ёстой. Тэгэж байж хүн эрмэлзэл, зорилготой болно. Би бусдад туслаж чадна гэсэн залуу хүний эрмэлзэл тэр хүнд эрч хүч өгөх болно гэсэн утгатай нэг сургаал айлдсан мөн шинжлэх ухаан буруу гэдгийг нь баталсан Буддын шашны зарим зүйлийг ч хүртэл засаж залруулах хэрэгтэй гэж байна лээ.

Далай Ламаас сургаал сонссон гадаадын хүмүүсийн байр байдал, уур амьсгал хүндэтгэл бишрэл дүүрэн байсан бол, манай монголчуудын байр байдал зах дээр суугаа дамын наймаачид шиг. Энийг бичлээ гэж миний олон найз нар надад гомдохгүй байх, тэнд үнэндээ ихэнх нь миний таньдаг, найзалдаг хүмүүс явсан. Тэр дунд нь би өөрөө ч харайлгаж явсан болохоор хэн нэгнийг муулаагүй шүү. Зүгээр л надтай хамт өдрийн 2 цагийн сургаалд суусан хэсэг хүмүүст ч тэгэж санагдсан байна лээ. Миний дотроо мангар гэж боддог нэг залуу хүртэл монголчуудыгаа харчихаад “Манайхан нээрээ арай дэндүү юмаа. Зураг битгий ав гээд байхад л бүгд л утас, камераа гаргаж ирээд л яриаг нь ч сонсохгүй, хоорондоо чалчиж байгаад л зургыг нь дарах юм” гэж байна лээ. (Англи зохицуулагчид аппаратаа унтраа гэж шаардаад дийлээгүй.) Бодвол тэр 2 цагийн сургаалд сууж “хар тамхинд мансуурчихсан” гарч ирээд лантуугаар цохиулах мэт болсон юм байгаа биз, над шиг. Хэрэв голцуу шар толгойтнуудын уулзалтын уур амьсгалыг голоор зүйрэлвэл, ёстой л нөгөө сарны гэрэлд намуухан урсах Туул гол шиг, харин монголчууд бидний уулзалтын уур амьсгал үерийн ус шиг. Бид шууд монголчуудын уулзалтанд ирсэн бол үүнийг мэдрэхгүй, ийм л байдаг шүү дээ гэсэн янзтай байх байсан болов уу.

Биеэ өргөмжилсөн, би-гээ хэт тэтгэсэн хүмүүс Далай Ламын хажууд л тод харагдахгүй бол өөр хэний хажууд тод харагдах билээ. Өдөр шөнө шиг л ялгаа мэдрэгдэнэ. Манайхан яаж ч даруухан байх гээд, “би, би би” гэдгээ нууж чадахгүй юмаа. Энэ нь бидний байдал, хөдөлгөөн, үг авианаас илэрч их бүдүүлэг харагдуулах юм. Буддын шашны, миний жаахан мэдэхийн л, нэг сургаал нь хүний зовлонгийн гол шалтгааны нэг нь би-д баригдах гэж заадаг санагдана. Тийм болохоор Далай Ламтай уулзаж, зөвхөн өөртөө л юм нялж, өөрийгөө л рекламдах гэж байгаа бол буруу.

Далай Ламыг тайзан дээр гараад ирэхэд манайхан суудлаасаа босохгүй, зураг камераа тачигнуулаад эхлэсэн. (Би ч мөн хэдэн зураг татаад л авсан.) Далай Лам уулзалтыг албан ёсны биш гэдгийг тодотгож нэг модон сандал өөрөө чирж авчираад суусан. (Энд зохион байгууллагчдын алдаа байх шиг, Далай Лам гарч ирэхийг зарласан бол ондоо байх) Элчин сайдын яамны Жаргалсайхан ах үг хэлж цагаан хадаг барьсан. (Нийт гурван хүн хадаг барьсан. Уг нь нэг хүн барихад л болох мэт)

Далай Лам, яриагаа эхлэхдээ Монгол, Төвд хоёр бол ихэр хоёр үндэстэн. Бидний харилцаа бол маш өвөрмөц харилцаа. Өнгөрсөн олон зууны турш Монголд Буддизм Төвдөөр дамжиж цэцэглэж байсан. Далай багш, Далай гэдэг бол монгол үг гэж хэлсэн. Мөн хорьдугаар зуунд бид ижил зовлон амссан, шашин шүтлэг шахагдаж, сүм хийд нураагдсан. Харин одоо монголчууд эрх чөлөө эдэлж байна. Монгол ард түмэн эрх чөлөөгөө бүрэн эдлэнгүүтээ Буддын шашныг сэргээн дэлгэрүүлж байгаа. Одоо Энэтхэгт дор хаяж 400 гаруй Монгол, Буриад, Халимаг, Тувагаас ирсэн монгол туургантангууд суралцаж байна.

Монголчууд бол Буддын шашинт ард түмэн. Үүнээс гадна Монгол, Төвд хоёр ижил Наланда уламжлалыг хадгалж явдаг. Монголын Буддын шашны бүх ном судар, мөргөл төвд хэлээр байдаг. Намайг 1979 онд анх Монгол, Буриад очиход лам нар мөргөлөө төвдөөр уншдаг ч, төвдөөр ярьдаггүй байсан. Би монголоор, сайн байна уу-гаас цаашгүй байсан болохоор бид бичгээр харилцаж байлаа. Тэд төвд үсгээр бичээд надад өгнө, би эргүүлээд л бичнэ. Энэ нь, олон зууны турш монголчууд Буддизмыг Төвдөөр дамжин суралцаж, хөгжүүлж байсныг харуулахаас гадна бид ямар өвөрмөц харилцаатайг ч батална.

Уламжлалт Буддын шашны үнэт зүйлсээ хадгалж үлдэхийн тулд та нар судалж, суралцах хэрэгтэй. Хэдхэн маани унших хангалттай биш. Та нар Буддын шашны гүн ухаан, концепсыг судлах ёстой. Англи хэлтэй хүүхэд, залуучууд та нар англи хэлээр хэвлэгдэж байгаа энэ олон сайхан номнуудаас унш. Одоо англи хэлээр Буддизмын тухай маш олон сайхан ном гарж байна. SO, PLEASE READ.

Хэрэв тэгээд боломж байвал жижиг бүлгэм байгуулаад зав чөлөөгөөр Буддын шашны гүн ухаан, ухагдахуунуудыг хэлэлцдэг, маргадаг бай. Хоорондоо хэлэлцэж ярилцах маш чухал. Энэтхэгт байгаа төвдүүд, мөн энэтхэгчүүд ч гэсэн одоо бүлгэмүүд байгуулж байна, их ашигтай юм байна лээ.

Буддын шашинтаны хувьд уламжлалаа хадгалж үлдэхийн тул мэдлэг бол амин чухал. /full of knowledge is essential/ Яагаад гэвэл Буддын шашны зам бол оюун ухаанаа бүрэн дүүрэн ашиглахыг хэлж байгаа юм. Тиймээс Буддын шашны судалж мэдэх нь маш чухал. Эс тэгвээс шүтлэг сохор сүсэг байх болно. (Орчин цагийн бид мэдэхгүй байж шүтдэгийг, өвдөхөөрөө ламд очиж, сүм хийдэд мөргөдгийг Далай Лам ойлгохгүй толгойгоо сэгсэрч байна лээ.)

Далай Лам Буддизмын ухагдахуун, гүн ухааныг судлах хамгийн чухал гэдгийн тодотгож хэлж байсан. Тэрээр би та нараас гуйя, Буддын шашны судлах, суралцах тал дээр их анхаараарай, мэдлэгтэй Буддизм хамгийн чухал гэж олон хэлсэн. Та нарын ажил мэргэжилд ч гэсэн Буддын шашны бодох арга, ухагдахуун тус болно. Тархи хөгжүүлнэ, ажил үйлс чинь илүү үр дүнтэй, бодитой байх болно гэхдээ заавал шашин шүтэх албагүй гэх мэт олон зүйлсийг үнэн сэтгэлээс бидэн айлдлаа.

Монгол орчуулга товч тодорхой болсон ч ярианых нь дундуур тасaлсан. Миний анзаарснаар Далай Лам орчуулуулах дургүй байсан. Яагаад гэвэл тэрээр ярихаасаа өмнө хэд нь англи хэлгүй вэ гэж асуусан, манайхан ичээд ч тэрүү, олон хүн гараа өргөөгүй. Далай Лам үүнийг хараад тэгвэл үг хэлэхэд амар юм байна гээд англиар ярьсан.

Хугацаа давчуу болохоор тэрээр хэлье гэснээ түргэхэн хэлээд авъя гэж санасан бололтой. Далай Лам жаахан уцаарангуй харагдсан. Хэлсэн үг нь чихэнд биш шалан дээр унаад байгааг мэдэрсэндээ ч тэгсэн байж магад. Эрдэмтэд байна уу гэж асуухад нь, өөдөөс нь асуулт асууж болох уу гээд бараг хүчиндээд асуулт асууж бас нэг яриаг нь тасалсан. Ямар сонгуулийн уулзалтанд хэрэлдэж байгаа биш, зөвшөөрөлгүй асуух хэрэггүй байлаа. Манайхан яг л хичээл дээр үймүүлдэг салхилгагүй хүүхдүүд шиг байсан.

Манай монголчууд олуулаа Далай Ламдаа ирж мөргөлөө. Энэ нь үнэхээр сайхан, өлзийтэй учрал. Тэнд очсон бүхний ажил, үйлс амжилттай, өөдрөг байх нь гарцаагүй. Хамгийн гол нь бидний хүмүүжлээс болоод ч тэрүү, энэ сайхан боломжоор сэтгэлээ ариусгаж, хүнийг яаж хүндэлдгээ харуулж чадсангүй. Хүндэтгэлээс хүндэтгэл эхлэдэг шүү дээ.

Далай Ламыг гараад явахад манайхан суудлаасаа босоогүй. Уул нь зэрэг босоод хүндэтгэл үзүүлсэн бол соёлтой харагдах байлаа. Харин гарав уу үгүй юу, улаан утас, туузны тулаан дөрвөн жилийн өмнөх шиг эхлэх шахсан. Азаар зохион байгуулж байгаа нэг том биеэтэй англи эр чанга дуугарч зохицуулсан. Их дуутай хүнээс л манайхан айдаг юм байна лээ.

За ямар ч байсан би дөрвөн утас, үрэлтэй боллоо. (Нэг улаан туузыг харин алдчихсан шүү. Арайхийн нэг тууз зуураатахсан чинь бас нэг хүн атгачихав. Яадаг новш вэ гээд өөр лүүгээ чангаасан чинь харин миний танил, нэлээн өндөр боловсролтой хүүхэн зогсож байдаг байгаа, ичсэн нүүрэндээ түүнд улаан туузаа алдсан. За тэр ч яахав.) Бидэнд сүсгийн хөрөнгө, сүсэг бишрэлийн хэрэгцээ байна. Одоо жаахан мэдлэгээр тэтгэвэл монголчууд бид соёлтой болох ч амархан байна даа. Үнэндээ манай залуус хэчнээн ганган дэгжин хувцаслаад ч нэг нэгнээ хүндэлж, соёлтой, боловсон харилцаж чадахгүй байна шүү дээ. Бүр улаан тууз, утас булаалдахыг нь гадныхан хажуунаас нь камерт бичээд байхад тоохгүй юм. Улаан тууз, утас харахаараа л мал шиг зүтгэх юм. Энэ нь шашинд байна уу, маниусдаа байна уу.

No comments: